Tuesday, April 5, 2016

Нээлттэй лицензийг боловсролын салбарт нэвтрүүлэх нь

Олон сая бүтээлүүд дэлхий нийтэд чөлөөтэй, зохиогчийн эрхийн хуульд нийцсэн нөхцлөөр өдөр ирэх тутам нээлттэй болж байна.
Зохиогчийн эрх нь интернэт сүлжээ үүсэхээс өмнө бий болсон бөгөөд өдөр тутмын амьдралд интернэтийн хэрэглээ өргөнөөр нэвтэрсэн өнөө цагт зохиогчийн эрх, түүний нөхцлүүдийн интернэт сүлжээнд хэрхэн уялдуулах асуудал чухалчлагдаж байна.
Дэлхий нийтэд интернэт дэх бүтээлийг ашиглах, ишлэх, эх сурвалжийг засварлах, нийтлэх явдалд эрх зүйн шаардлага тавих тохиромжтой хэлбэрийг оюуны бүтээлч хамтын тогтолцоо буюу СС (Creative Commons) нээлттэй лиценз гэж үздэг. Зохиогчийн эрхийн хууль тогтоомжоор зохиогч өөрийн туурвисан тухайн бүтээлийг нийтлэх, түгээх, хуулбарлах болон бусад үйлдлийг зөвшөөрөх эсэхийг зайлшгүй зааж өгөх асуудлыг интернэт ба зохиогчийн эрхийн хууль тогтоомжийн хооронд уялдуулан шийдвэрлэсэн бөгөөд үнэгүй, олон нийтэд нээлттэй, стандартчилагдсан, зохиогчийн эрхийн зөвшөөрлийн интернэт дэх шийдэл нь оюуны бүтээлч хамтын тогтолцоо (СС) юм. 
Энэ тогтолцоо нь оюуны болон сургалтын аливаа бүтээл туурвигчдыг интернэт орчинд зохиогчийн эрхийн хүрээ, бусад этгээдэд ашиглуулахыг зөвшөөрөх хэлбэр бөгөөд бүтээлийг суралцуйн үйлд ашиглах нөхцлүүдийг тодорхой болгодог.
Дэлхий даяар нь оюуны бүтээлч хамтын тогтолцоо (СС) буюу нээлттэй лицензийг дэмжиж, хөгжүүлэн ажиллаж буй “Сreative Сommons” байгууллагын 100 гаруй салбар, 70 гаруй орон байна. 2002 оны 12-р сард оюуны бүтээлч хамтын тогтолцооны эхний хувилбар олон нийтэд хүрсэн бөгөөд өдгөө түүнийг 50 гаруй улс тогтмол хэрэглэж байна. Оюуны бүтээлч хамтын тогтолцоо нь боловсрол, сургалтын хэрэглэгдэхүүнийг түгээх, дахин ашиглахтай холбоотой эрх зүй, техник, нийгмийн шинжтэй нэмэлт ажлыг хөнгөвчилж, үр ашгийг дээшлүүлдэг учир 2005 оноос шинжлэх ухааны салбарт, 2007 оноос боловсролын салбарт өргөнөөр хэрэглэж байна. Энэ утгаараа оюуны бүтээлч хамтын тогтолцоо (СС) нь соёл, боловсрол, төр, шинжлэх ухааны мэдлэг, бүтээлийг түгээх олон улсын стандарт, олон нийтийн өмч болсон байна.  Дэлхийн даяар оюуны бүтээлч хамтын тогтолцоо нь 2003 онд 1 сая бүтээлд ашиглагдсан бол 2004 онд 4.7 сая, 2005 онд 20 сая, 2006 онд 50 сая, 2007 онд 90 сая, 2008 онд 130 сая, 2009 онд 350 сая болж, тогтмол нэмэгдсээр байна. Интернэт орчинд зохиогчийн эрхийг хамгаалах түгээмэл хэрэглэгддэг нөхцөл болж, дэлхий нийтэд өргөнөөр хэрэглэгдэж байгаа энэхүү тогтолцоонд монгол улсыг төлөөлж, 2013 оноос Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан (http://www.one.mn) гэрээ хийж,  олон улсын тогтолцоонд нэгдэн ажиллаж байна.
“Creative Commons” байгууллага нь эрх зүйн чөлөөт хэрэгслээр дамжуулан мэдлэг, бүтээлийг хуваалцах, ашиглах бололцоог олгодог олон улсын төрийн бус байгууллага бөгөөд 2001 онд байгуулагдсан түүний захирлуудын зөвлөл нь удирдагчид, боловсролын болон технологийн мэргэжилтэн, шинжээчид, эрх зүйн эрдэмтэн, судлаачид, зохион бүтээгчид, бизнес эрхлэгчдээс бүрддэг. Тус төрийн бус байгууллага цахим хэлбэртэй бүтээлч ажлыг нэмэгдүүлэх, хуваалцах, шинийг санаачлахад эрх зүйн болон техникийн дэд бүтцийг бий болгох, дэмжих, хөгжүүлэх чиглэлээр ажилладаг. 
Нээлттэй лицензийг интернэт дэх бүтээлд хэрэглэгдэх “зохиогчийн эрхийн зөвшөөрөл” бөгөөд түүний хялбар, стандартчилагдсан байдал нь зохиогчдын бүтээлийг тэдгээрийн санал болгосон нөхцлийн үндсэн дээр олон нийтэд түгээх, ашиглах зөвшөөрлийг олгодог. Энэ нь зохиогчийн эрхийг “бүх эрх хамгаалагдсан” нөхцлөөс “зарим эрх хамгаалагдсан” нөхцөл рүү ашиглагчдын хэрэгцээнд тохируулан өөрчлөх боломж олгодог бөгөөд зохиогчийн эрхийн хууль тогтоомжид нийцсэн байдаг. Энэ нь зохиогчийн эрхийн эсрэг зүйл биш бөгөөд эрх зүйн утга, үр дагавар бүхий тогтолцоо бөгөөд зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийг олон нийтэд тухайн бүтээлтэй нь холбоотой тодорхой эрх эдлэхийг зөвшөөрөх замаар эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, бүтээлийнхээ ашиглалтад хяналт тавих боломж олгодог. Өөрөөр хэлбэл олон нийтэд бусдын зохиогчийн эрхийн бүтээлийг тодорхой хязгаарлалттайгаар ашиглахыг зөвшөөрснийг илтгэдэг интернэтэд суурилсан тогтолцоо юм. Зохиогчийн эрхийн хуулийн дагуу бүх эрхээ хадгалах хүсэлтэй зохиогч буюу эрх эзэмшигчийн хувьд нээлттэй лицензийг ашигладаггүй. Үүнтэй холбоотойгоор нээлттэй лиценз нь зохиогчийн эрхийн шинэчлэлд тооцогдох болжээ.
Нээлттэй лицензийн аль төрлийг ямар нөхцөлтэйгээр хэрэглэхийг тухайн зохиогч өөрөө бие даан шийдвэрлэнэ. Зохиогчийн эрхийн бүтээл нь онлайн болон оффлайн хэлбэртэйгээс үл хамааран нээлттэй лицензийн кодыг хэрэглэж болно. Бүтээлээ нээлттэй болгохын тулд creativecommons.mn хуудаснаас нөхцлөө сонгон, өөрийн бүтээлтэй холбоно.
Нээлттэй лицензийн төрлүүд
CC зөвшөөрлийн зарим нэг эрх нь ашиглалтыг ихээр хязгаарласан байхад зарим нь хязгаарлалтыг багасгаж өгсөн байдаг.
Тэмдэг
Товчилсон нэршил
Утга
Тайлбар
By
Нэрийг дурдана.
/англ. Attribution/
Тухайн ашиглаж буй бүтээлд зохиогчийн нэрийг дурдана.
Nc
Ашгийн бус
/англ. Non-commercial/
Тухайн бүтээлийг ашгийн зорилгоор ашиглаж болохгүй.
Nd
Хувиргахгүй
/англ. No derivatives/
Уг бүтээлийг өөрчлөх буюу гажуудуулж болохгүй.
Sa
Ижил нөхцлөөр цааш дамжуулна.
/англ. Share Alike/
Уг бүтээлийг өөрчилсөн ч урьдын адил эрхтэй байлгана.
Оюуны бүтээлч хамтын тогтолцоог Монгол Улсын боловсролын салбарт нэвтрүүлж хөгжүүлснээр нээлттэй боловсролын агуулгыг хөгжүүлж, зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчид өөрсдийн бүтээл, сургалтын материалыг нээлттэйгээр байршуулахад зохиогчийн эрхээ хамгаалах, оюутан сурагч, суралцагсад бүтээлийг зөвшөөрөгдсөн эрх хэмжээнд чөлөөтэй ашиглаж, боловсрол, соёл, шинжлэх ухааны ололтыг нээлттэйгээр ашиглах нэгдмэл орчин үүснэ.

No comments:

Post a Comment